Tuesday, March 6, 2012

Хүлэмжийн хийг өөгшүүлэгч Монгол улс


Хэдийгээр Монгол улс хүлэмжийн хий ялгаруулалтаар олон улсын анхааралд өртөхүйц биш ч (одоохондоо шүү) уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид нэгдэн орсон орны хувьд хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээ бууруулах, эрчим хүч, дулаан, шатахууны хэрэглээгээ багасгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Нөгөө талаар манай улсад боломж бий. Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд гадаадын улс орнуудаас тусламж дэмжлэг авах боломж нээлттэй байдаг ажээ.           

Монголын мал ба хүлэмжийн хий   
Монголчууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар төдийлэн сайн мэддэггүй. Сайндаа л Улаанбаатарын утаагаар төсөөлж байгаа хүн олон. Гэтэл дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа уур амьсгалын өөрчлөлт бидний алхам тутамд мэдрэгдэж байгаа. Дулааралд ташуур өгдөг хүлэмжийн хийн гол элемент болох метан малын амьсгал болон ялгадсаар дамжин агаарт цацагддаг. Өөрөөр хэлбэл, малын хивж байх үед амьсгалаар нь метан ялгарна. 40 гаруй сая мал дулааралд ямар ихээр “тусалж” байгаа нь ийм тодорхой байна. Манай өөр нэг “тус” нь хог хаягдал. Манай улсад дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас хөрсөнд хогийг булсаар ирсэн. Энэ нь ялзралынхаа явцад хүлэмжийн хий ялгаруулдаг. Нүүрсхүчлийн хий 200 орчим жил хадгалагдана. Мөн атаршсан талбайгаас карбоны төрлийн хий ялгарч агаар мандалд хуримтлагддаг ажээ. Эрдэмтдийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-иас 650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож байна.Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм. Харин ой модыг тайрч устгаснаар энэ их хий шууд л агаар мандалд гарч байна. Эрдэмтдийн яриагаар Монгол орны цаг уурын 48 өртөөнд хийсэн хэмжилтийн дүнгээр дунджилсан жил, улирлын агаарын дундаж температур 1940-2007 онд 2.1 хэмээр дулаарчээ. Энэ бол сэтгэл сэрдхийлгэм тоо.Үүнд хүргэсэн зүйл бол мэдээж хүлэмжийн хий. Манайх агаар мандалд байдаг хүлэмжийн хийн хэмжээг тодорхойлдог ганц станцтай. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаан-Уул станц дээр 1992 оноос эхлэн  тасралтгүй судалгаа хийж байна. Энд агаарын дээжийг тусгай шилэн баллонд  7 хоногт 1 удаа савлаж тус лабораторид явуулж шинжилгээний дүнг Ус цаг уурын хүрээлэн авдаг. 1992-2009 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хэмжсэн хүлэмжийн хийн дүнгээс үзвэл нүүрсхүчлийн /CO2/ хийн  агууламж 18 жилийн хугацаанд 35ppm-ээр буюу 10 орчим хувиар өссөн  байна. Хүлэмжийн  хийн хувьд агууламжаараа бага боловч дулааруулалтын потенциал ихтэй зургаан фторт хүхрийн агууламж нь хэмжилтийн туршид бараг хоёр дахин өссөн байна. Энэ бүхнээс харахад Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой ямар ч ажил хийдэггүй,хүлэмжийн хий нэмэгдсээр байгаа нь тодорхой юм. Уг нь дэлхийн дулаарал бидэнд хамаагүй гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл, бид энэ дэлхийд амьдарч байгаа болохоор сайн, муу бүх зүйл нь бидэнд хамаатай. Саяхан Японд болсон газар хөдлөлт бол тохиолдлынх биш харин уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж олон эрдэмтэн үзэж байна. Ер нь ийм шалтгаанаар байгалийн гамшигт үзэгдэл цаашид ч олон болох төлөвтэй. Үүнийг зогсоохоо байг гэхэд Монголдоо хүлэмжийн хийг багасгаж дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлье.

3 comments:

  1. Goy medeelel bna bid ta narig demjij bgaa 3-r sarin 31-nd bid nar sh gesen talbai deer baih bolno. mon tend olon hun baigaasaaui gej husej bna 472j surguulihan bugd oshih bhaa

    ReplyDelete
  2. Та үүнийг мэдэх үү?

    1 тонн цаасыг дахин боловсруулах бүрт, ямар хэмнэлт хийх боломжтой гээч:

    - Хамгийн багадаа 30000 литр ус
    ... - 3000-4000 Квт цахилгаан (3 унтлагын өрөөг бүтэн 1 жил гэрэлтүүлэхэд хангалттай)
    - Агаарын бохирдлыг 95%-аар бууруулах боломжтой...

    Амархан байгаа биз... ;)

    ReplyDelete
  3. Маш сайхан мэдээлэл байна. Баярлалаа. Чам шиг залуус эх дэлхийг аварна.

    ReplyDelete