Tuesday, March 6, 2012

“Эх дэлхийн цаг” Монгол оронд

Австралийн Сидней хотод 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байхад нь Монгол орон энэ хөдөлгөөнд нэгдэн орсон юм. 2010 оны 3-р сарын 26-нд зөвхөн Улаанбаатар хотод “Эх дэлхийн цаг”-ийг анх удаа зохион байгуулсан бөгөөд 4000 орчим хүн хамрагдаж байлаа. Жил бүрийн 3-р сарын сүүлийн бямба гарагийн орой 20:30-21:30 цагийн хооронд гэрлээ унтраан уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлдэг энэ арга хэмжээний агуулгыг таниулах нь энэ удаагийн гол зорилго байсан юм.
Нэг цагийн турш гэрлээ унтраахыг уриалдаг энэхүү арга хэмжээний тухай монгол хүн юуны түрүүнд “тэртэй тэргүй цахилгаан тасардаг хойно бас л гэрэл унтраах гэлээ” гэсэн ундууцлаар хүлээн авч байсан нь нууц биш юм. Харин энэ нь хүчээр гэрэл цахилгаан таслах бус, тэрхүү эрчим хүчийг үйлдвэрлэхэд ялгардаг хүлэмжийн хийг багасгахад сайн дураараа хувь нэмрээ оруулах бэлгэдэл юм гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн нь том ололт байлаа.

2011 онд
Улаанбаатарт 6000 хүн Сүхбаатарын талбайд цуглан “Эх дэлхийн цаг”-ийг дэмжсэн юм. Монгол оронд энэ үйл ажиллагаа хөдөө орон нутагт тэлж 2011 онд Увс аймгийн төв Улаангом хотын 1000 гаруй хүн, Ховд аймгийн төв Ховд хотод 500 орчим хүн нэгдэн эх дэлхийн төлөө цохилох зүрхтэй монгол хүн гэдгээ илэрхийллээ. Энэхүү чин эрмэлзэл нь 60+ бэлгэдлийн гол илэрхийлэл болох зөвхөн нэг цаг гэрлээ унтраахаар хязгаарлагдахгүйгээр байгалийн аливаа нөөцийг хэмнэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ өдөр тутамдаа оруулах оролдлогоор өргөжсөөр байна.
Увс аймаг нь Монгол орны харьцангуй сэрүүн бүсэд оршдог тул 2011 оны “Эх дэлхийн цаг”-ийг цасан дээр тэмдэглэн өнгөрүүлснээрээ, мөн хөдөөний монгол хүн харанхуй бүдүүлэг гэж төсөөлдөг байсан гадны олон хүнд ухаалаг монгол хүний имижийг өсгөж өгсөн онцлог үйл явдал болсон юм.
“Эх дэлхийн цаг” арга хэмжээний үеэр гэрлээ унтраан дэмжсэн хүн нэг бүрийг тоолох нь Монголын нөхцөлд хараахан боломжгүй ч 2011 онд Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ. Энэ нь агаар мандалд дэгдэх байсан нүүрсхүчлийн хийн ялгарлыг 121 кг 292 граммаар бууруулсан гэсэн үг юм. Хэдийгээр лаа асаах нь ялгаагүй нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа тул үр нөлөөгүй гэсэн зарим хүний хандлага гардаг боловч “Эх дэлхийн цаг” аяны үеэр уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын шалтгаан, байгалийн нөөцийг хэмнэхийн ач тусыг ойлгосон хүмүүсийн цаашдын өдөр тутмын амьдралд гарах эерэг өөрчлөлт нь хэмжээлшгүй ач холбогдолтой юм.
2012 онд
Энэ жил Улаанбаатар, Улаангом, Ховд хотуудад тус аян урьдын адил зохион байгуулагдахаас гадна Говь-Алтай аймгийн төв Алтай хотын залуус нэгдэхээ илэрхийлээд байгаа юм. Хүн амын хэмжээгээрээ, хөгжлийн төвшнөөрөө тэргүүлдэг улс гүрнүүдийг бодвол манай орон дахь эрчим хүч, байгалийн нөөцийн хэрэглээ харьцангуй бага боловч мал аж ахуй, түүхий нүүрсний хэрэглээ зэргийг хүн амд харьцуулбал хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дээгүүр ордог. Иймд монгол залуус зөвхөн дуу хоолойгоо хүргээд зогсохгүй бодит санаачлага, уриалгыг дэвшүүлэн ажил хэрэг болгохоор төлөвлөөд байгаа юм.
Улаанбаатар хотноо энэ жил ЕБС-ийн ахлах ангийнхан, Их, дээд сургуулийн оюутнууд, зарим төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд аяны хэмжээнд дэмжин оролцохоо мэдэгдээд байна. 
Эерэгээр амьдарцгаая
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Австрали дахь салбарын санаачлагаар 2007 оноос эхэлсэн энэ хөдөлгөөнийг дэлхий дахинаа Кока Кола компани эхнээс нь дэмжиж ирсэн билээ. Монгол оронд ч мөн адил МСS Кока Кола компани тууштай дэмжин ерөнхий ивээн тэтгэгчээр оролцон зохион байгуулах ажилд тууштай хамтарсаар ирсэн билээ. Энергийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарчим нь Кока Колагийн “Эерэгээр амьдрах 7 зарчим”-ын нэгэн тулгуур багана юм. Тэд зөвхөн сургалт сурталчилгааны ажлуудыг дэмжээд зогсохгүй өөрийн үйлдвэртээ аль болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдлийг сонгодогоороо онцлог юм.

No comments:

Post a Comment