Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу
орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлнэ. Агаарын дундаж температур
сүүлийн хэдэн арван жилд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч мөн
үргэлжилнэ гэж үзэж байгаа болно. Сүүлийн
100 жилийн хугацаанд Дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн
бөгөөд "Уур амьсгалын өөрчлөлт судлах Засгийн газар хоорондын төрийн бус
байгууллага" (Intergovernmental Panel on Climate Change - IPCC буюу ИПСС),
"20-р зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар
мандал дахь антропоген хүлэмжийн хийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн
боломжтой юм" гэжээ [1]. Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны
энергийн өөрчлөлт (нарны идэвхижилт), галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн
өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан байна
[2][3]. ИПСС-гийн энэхүү дүгнэлтийг Их 8 болон Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй
орны Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ зарим нэг
судлаачид эсрэг саналтай байдгийг дурьдах хэрэгтэй.
ИПСС-гийн уур амьсгалийн загварчлал
1990-2100 оны хооронд агаарын дундаж температур 1.1 - 6.4 °C нэмэгдэж
болзошгүйг харуулж байгаа [1] бөгөөд ирээдүйд агаар мандал руу цацагдах
хүлэмжийн хийг хэр багасгахаас хамааран температурын дээд доод хязгаар нь
тодорхойлогдож байгаа ажээ. Хэдийгээр ихэнхи судалгаа, 2100 он хүртэл
өөрчлөлтийг голчлон анхаарч байгаа боловч, ирэх мянган жилд, агаар мандал дахь
хүлэмжийн хийн агуулга одооныхоос нэмэгдэхгүй тогтвортой байхад, дэлхийн
дулаарал, далайн усны төвшин ихэссээр байна гэж таамаглаж байна[1]. Энэ нь
далайн усны дулаан багтаамжтай холбоотой юм.Дэлхийн дулааралын улмаас далайн
усны төвшин, цаг уурын гоц үзэгдэлүүд ихсэж[4], хур тундсын хэмжээ өөрчлөгдөнө.
Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын
төрөл, зүйл зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлөх болно.Түүнээс гадна ирээдүйд
болох дулаарлын хэмжээ, түүний сөрөг нөлөө нь дэлхийн бүс нутгуудад яаж нөлөөх
вэ гэдэг сайн судлагдаагүй, тодорхой бус байна. Энэхүү дулаарлыг яаж бууруулах,
түүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон улсын хэмжээнд улс
төрийн болон олон нийтийн хэлэцүүлэг, төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж байна.
Хүлэмжийн хийг (ялгаруулалтыг) багасгах зорилготой Киотогийн протоколд дэлхийн
ихэнх улс нэгдээд байна.
No comments:
Post a Comment