Tuesday, March 6, 2012

Эх дэлхийг “багалзуурдагч” дулаарал


Хөгжил заавал хохирол дагуулдаг бичигдээгүй хуулийн дагуу сүүлийн 50 жилд дэлхийн уур амьсгалд маш их өөрчлөлт гарсан. Одоо хүн төрөлхтөнд хамгийн их аюул занал учруулж буй зүйл бол дулаарал. Хэрвээ бид дэлхийн дулаарлыг зогсоож эх дэлхийгээ аврахгүй бол удахгүй өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болох юм. “Sunday Times”-т энэ талаар тодорхой бичжээ.

-Дэлхийн дулаарал гэж юу вэ?   
-Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлдэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн. Дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг уурын гоц үзэгдэл ихсэж хур тунадасын хэмжээ өөрчлөгдөнө. Энэ нь хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж гамшгийн хэмжээнд авчраад байна.

-Дэлхийн дулаарал ямар нөхцөлд аюултай хэмжээнд хүрэх вэ?
-Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан байна. Эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа. Хэрвээ тэгвэл жинхэнэ гамшиг болно.

-Хүлэмжийн хий гэж юу вэ?    
-Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх энергийг гадагш нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурыг нэмэгдүүлж буй химийн бодис, нэгдлүүдийг хүлэмжийн хий гэдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарлын гол буруутан нь өндөр хөгжсөн орнуудын үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн бохирдуулагч бодисууд юм.

-Хүлэмжийн хийг бүрдүүлдэг хэдэн төрлийн хий байдаг вэ?
-Зургаан төрлийн үндсэн хий бий. Нүүрсхүчлийн болон метан, азотын давхар исэл нь хүлэмжийн хийг бүрдүүлдэг байгалийн гол хий. Уг нь эдгээр хий дэлхийн агаар мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж, дэлхийд амьдрал оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Харин хүний буруутай үйл ажиллагааны улмаас эдгээр хийн агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа юм.

-Хий ямар хугацаанд алга болох вэ?
ий агаар мандалд усталгүй олон арван жил хадгалагддаг. Нүүрсхүчлийн хий 200 орчим жил хадгалагдана. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах дорвитой арга хэмжээ авлаа ч үр дүн нь хэдэн арван жилийн дараа л мэдрэгдэх юм байна.

-Хүлэмжийн хий 2020 онд хоёр дахин нэмэгдэх үү?
-Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн их хэмжээний нүүрс, газрын тос, хийн түлш, модыг эрчим хүч, түлшинд хэрэглэснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хийн хэмжээг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үе буюу 1800-аад онд агаар мандал дахь нүүрсхүчлийн хий 280 ррм, байсан бол 1990-ээд онд 355 ррм болжээ. Энэ байдлаар цаашид үргэлжилвэл 2030-аад онд хоёр дахин их буюу 560 ррм болно гэж эрдэмтэд тооцоолсон байна.

"Киото"-гийн протокол гэж юу вэ?
-"Киото"-гийн протокол 1997 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ протоколын гол зорилго нь агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг хөгжилтэй улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэсэн явдал юм. Өндөр хөгжилтэй орнууд 2012 он гэхэд 1990 онд байсан хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр дунджаар 5.2 хувиар бууруулах үүрэг хүлээсэн байна. Энэ протоколийн дагуу аж үйлдвэржсэн 40 улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гол үүргээ 2008-2012 оны хооронд биелүүлсэн байх ёстой аж. Протоколын зорилтот түвшин нь хүлэмжийн хийг бууруулах, өөр хоорондоо зах зээлийн үнээр худалдах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлт хийх, шилжүүлэх явдал юм. Киотогийн протоколыг хэрэгжүүлэх гурван төрлийн механизм байдаг.

-Хойд мөсөн далайн мөс хайлж байна. Энэ нь дэлхийн уур амьсгалд нөлөөлөх үү?
-Хойд мөсөн далайгаас гадна Алтай, Хималайн болон бусад уул нурууны мөнх цас, мөсөн гол хайлж эхэлсэн.Туйлын мөс хайлж байгаа нь далайн усны урсгал өөрчлөгдөх аюултай. Далайн түвшин нэмэгдсэнээр эргийн ойролцоох нам дор газарт байрлах улс орнууд усанд живнэ. Далайн түвшин нэмэгдэж байгаа нь цас мөсний хайлалттай холбоотой ч нөгөө талаараа далайн ус халсны улмаас тэлэх процесс явагдаж байна.

-Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яам байдаг уу?
-Сүүлийн жилүүдэд улс орнууд дэлхийн дулааралд санаа зовниж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яамтай болж байгаа. Жишээ нь, Австрали улс Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний яамтай бол Данийн Засгийн газар Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яамтай болжээ.

Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх дулааны энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурийг нэмэгдүүлж буй доорхи химийн бодис, нэгдлүүд нь хүлэмжийн хий гэж тооцогддог аж. Үүнд: Нүүрсхүчлийн хий 9-26%,
метан 4-9%,усны уур, тоос 36-72%,озон 3-7%. 
Нүүрсхүчлийн хийн хуримтлал нь уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн ихээр нөлөөлдөг. Дэлхий нийт олон жилийн өмнөөс хүлэмжийн хийг бууруулах гэрээ хэлэлцээр байгуулж, үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байгаа. Үүний хамгийн анхны гэрээ хэлэлцээр нь 1992 оны 6 дугаар сард баталсан UNCED/Earth Summit аж. Уг гэрээний дагуу Байгаль орчин, хөгжлийн Риогийн тунхаглал, Agenda 21, Биологийн төрөл зүйлийн конвенци, НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенци/Forest Principle (1993-9-30, 1994-3-21) зэрэг батлагджээ. Дараагийнх нь 1997 оны 12 дугаар сард баталсан Киотогийн протокол юм байна. Манай улс уг протоколд 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэгджээ. Одоогийн байдлаар уг протоколд дэлхийн 183 улс орон нэгдээд  байна. Хамгийн сүүлийнх нь 2001 онд батлагдсан Марракешийн гэрээ. Энэ гэрээгээр 2008-2012 онуудад дэлхийн хэмжээний нийт хүлэмжийн хийг 1990 оны түвшингээс 5.2% буюу түүнээс илүү хувиар бууруулах зорилт тавьсан байна.

2 comments:

  1. Баярлалаа, Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар таны өгч буй мэдээллүүд бидэнд цэгцтэй мэдлэг өгөхийн зэрэгцээ хийж бүтээх олон санаа сэдлийг өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлж, амжилт хүсье.
    "Сэтгүүлч" коллежийн Сургалтын албаны О.менежер.

    ReplyDelete
  2. Та бүхнийхээ тусламж дэмжлэгт бид ч бас их талархаж байдаг шүү. Баярлалаа.

    ReplyDelete