Friday, March 30, 2012

Маргааш дэлхий дахинд дор хаяж 147 орны 5000 хотын иргэд Эх дэлхийн цагт нэгдэх гэж байна

Эх дэлхийдээ, эх орондоо, ирээдүйдээ хайртай залуусаа.
"Эх дэлхийн цаг" цохилоход ганцхан өдөр үлдлээ.

"Эх дэлхийн цаг"-ийн олон улсын төв байгууллагаас өнөөдөр дараах мэдээллийг ирүүллээ.
Байгаль хамгааллын төлөөх дэлхийн хамгийн том хөдөлгөөн болох "Эх дэлхийн цаг"-т энэ жил 147 орны 5000 гаруй хотын иргэд нэгдэх гэж байна.

Энэ жилийн "Эх дэлхийн цаг"-ийн гол онцлог болох "Таны амлалт бол миний урам зориг" уриалга дэлхий дахинаа хэрэгжсэнээр найз нөхөд, хамт олноороо эх дэлхийн төлөөх үйлс газар сайгүй өрнөж байна.

Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг, олон улсын төв байгууллагын гүйцэтгэх захирал Анди Ридлэй: "Амьдарч буй дэлхийнхээ өнөөгийн эгзэгтэй байдлыг өөрчлөхөд дэлхийн хүн нэг бүрийн оролцоо чухал. Бүгдээрээ дор бүрнээ гаргадаг хичээл зүтгэлээ тэмдэглэн, бусдыг уриалан дуудаж маргааш нэг цагийн турш гэрлээ унтраацгаая." гэлээ.

Дэлхийн бөмбөрцгийн бүхий л цагийн бүсэд эх дэлхийн цаг үргэлжилсээр 24 цагийн турш гэрэл унтраах үйл явц өрнөх юм. Тухайлбал цагийн бүсийн хамгийн эхний бүсэд орших Самоа-гаас эхэлж дэлхийг тойрсоор Күүк аралд өндөрлөх ажээ.

"Эх дэлхийн цаг"-ийг дэмжээд байгаа зарим элч төлөөлөгчдийг доорх жагсаалтаас харна уу:
  • Миранда Кэрр,
  • Нэгдсэн үндэстний байгууллага
  • Greenpeace-ийн гүйцэтгэх захирал Күми Наидо
  • АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ал Гор
  • Фижи улсын ерөнхийлөгч Рату Ипэли Наилатикау
  • Андре Куиперс болон Олон улсын сансрын станц
  • СВRE
  • Үндэсний хокейн лиш
  • FIFA
  • UEFA
  • Манчестр Юнайтэд
  • Хилтонын зочид буудлын сүлжээ
  • АНУ-ын охидын скаут
  • Олон улсын скаутын хөдөлгөөн
  • UNESCO
  • НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
  • Олон улсын үйлдвэрчний эвлэл
  • HSBC банк 
гэх мэт.

"Эх дэлхийн цаг"-аар гэрэлтүүлэг нь унтрах алдартай байгууламжууд:
  • Сиднейн дуурийн театр
  • Сиднейн Харбор гүүр
  • Токиогийн цамхаг
  • Тайпей 101
  • Цагаан хэрэм
  • Бээжингийн "Шувууны үүр" цогцолбор
  • Сингапурын Орчард гудамж
  • Лумбиний Ариун цэцэрлэг
  • Энэтхэгийн Gateway
  • Эффэлийн цамхаг
  • Луврын музей
  • Бранденбургийн хаалга
  • Лондонгийн Товер гүүр
  • Ватиканы гэгээн Петрийн сүм
  • Бүкэнгэмийн ордон
  • Их британы парламентийн ордон
  • Биг Бэн цаг
  • СИ-ийн цамхаг
  • Лас Вегасын стрип
  • Тайм талбай
  • НҮБ-ын төв ордон

Thursday, March 29, 2012

Эх дэлхийн цагт сурагч бидний оролцоо сэдэвт уралдаанд 13-р сургуулийн “Мэдээ мэдээлэл” багийн гишүүд явцын тайлан ирүүллээ

3-р сарын 22-нд 
“Мэдээ Мэдээлэл” багийн гишүүд хамтран Эх дэлхийн цагт сурагч бидний оролцоо сэдэвт уралдаанд хэрхэн, яаж оролцох  тухайгаа хамтдаа ярилцаж  багийн нэр уриа болон төлөвлөгөөг гаргасан.
3-р сарын 23-нд 
Гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу “Дэлхийн дулаарал” сэдвийн дор сурагчид хамтран дэлхийн дулаарлаас болж үүсч буй хор хохирол, дэлхийн дулааралд хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас өртөж буй ан амьтад  болон байгаль орчныг харуулсан 20 ширхэг зурагт хуудсыг  бэлтгэсэн.
3-р сарын 26-нд 
Сургуулийн блог болон уралдаанд оролцох дэлхийн дулаарлыг өөрсдийн үгээр тайлбарласан бичлэгийг хийсэн ба сурагчид нэгэн ижил ногоон хувцсаар жигдрэн идэвхтэй оролцсон.
3-р сарын 27-нд  
 Сүхбаатрын талбай дээр жигдрэх хоёрдогч түүхий эдийг  ашигласан хувцас бүхий зүйлээ ярилцаж бэлтгэсэн. Мөн эх дэлхийн цагийн face book бүлэг дээр явцын мэдээ мэдээлэл,зураг болон өөрсдийн бэлдсэн видео бичлэгээ илгээсэн.

Tuesday, March 6, 2012

“Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдлийн тухай


Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагааны үеийн чухал илэрхийлэл билээ. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, харамсах сэтгэлдээ зул болгон өргөх гэх мэт бэлгэдэлтэй.
60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.

“Эх дэлхийн цаг” хаанаас эхэлсэн бэ?


Анх 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд тус бүр нэг тэрбум, харин 2010 онд 128 орны 4500 хотын 1 тэрбум 300 сая хүнийг хамруулж чаджээ. Энэхүү үйл ажиллагаанд тухайн улсын Ерөнхий сайд, томоохон хотуудын буюу нийслэлийн мэр болон бусад алдартай хүмүүс оролцож ач холбогдлыг улам өндөрсгөж байна. 2010 онд Улаанбаатар хот анх удаа нэгдэж олон арван байгууллага, 4000 гаруй иргэд дэмжин оролцсон билээ. Харин 2011 онд дэлхийн 135 орны 5200 хот суурингийн 1,8 тэрбум хүн нэгджээ. 2011 онд Монгол орны 7500 орчим залуус дэмжин оролцсоноос Улаанбаатарт 6000 орчим, Улаангом хотод 1000 орчим, Ховд хотод 500 орчим хүн оролцсон юм.
Энэ онд буюу 2012 оны “Эх дэлхийн цаг” 3-р сарын 31-нд болох бөгөөд Монгол оронд дээрх хотуудаас гадна Алтай хотын залуус төв талбайдаа цуглан дэмжихээ албан ёсоор мэдэгдээд байна.

“Эх дэлхийн цаг” гэж юу вэ?


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.  

Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн 3-р сарын сүүлийн бямба гарагийн 20:30-д нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг. Сан Франциско дахь Голден Гейт гүүр, Ромын Колоссейм театр, Сидней дэх Дуурийн ордон, Тайм талбайд байрладаг Кока Колагийн сурталчилгааны самбар зэрэг ямагт гэрэлтэж байдаг томоохон байгууламжууд нэг цагийн турш харанхуйд орших нь дэлхий нийтийн анхаарлыг татахад гол үүрэг гүйцэтгэж байсан юм.

Хүлэмжийн хийг өөгшүүлэгч Монгол улс


Хэдийгээр Монгол улс хүлэмжийн хий ялгаруулалтаар олон улсын анхааралд өртөхүйц биш ч (одоохондоо шүү) уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид нэгдэн орсон орны хувьд хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээ бууруулах, эрчим хүч, дулаан, шатахууны хэрэглээгээ багасгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Нөгөө талаар манай улсад боломж бий. Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд гадаадын улс орнуудаас тусламж дэмжлэг авах боломж нээлттэй байдаг ажээ.           

Монголын мал ба хүлэмжийн хий   
Монголчууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар төдийлэн сайн мэддэггүй. Сайндаа л Улаанбаатарын утаагаар төсөөлж байгаа хүн олон. Гэтэл дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа уур амьсгалын өөрчлөлт бидний алхам тутамд мэдрэгдэж байгаа. Дулааралд ташуур өгдөг хүлэмжийн хийн гол элемент болох метан малын амьсгал болон ялгадсаар дамжин агаарт цацагддаг. Өөрөөр хэлбэл, малын хивж байх үед амьсгалаар нь метан ялгарна. 40 гаруй сая мал дулааралд ямар ихээр “тусалж” байгаа нь ийм тодорхой байна. Манай өөр нэг “тус” нь хог хаягдал. Манай улсад дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас хөрсөнд хогийг булсаар ирсэн. Энэ нь ялзралынхаа явцад хүлэмжийн хий ялгаруулдаг. Нүүрсхүчлийн хий 200 орчим жил хадгалагдана. Мөн атаршсан талбайгаас карбоны төрлийн хий ялгарч агаар мандалд хуримтлагддаг ажээ. Эрдэмтдийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-иас 650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож байна.Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм. Харин ой модыг тайрч устгаснаар энэ их хий шууд л агаар мандалд гарч байна. Эрдэмтдийн яриагаар Монгол орны цаг уурын 48 өртөөнд хийсэн хэмжилтийн дүнгээр дунджилсан жил, улирлын агаарын дундаж температур 1940-2007 онд 2.1 хэмээр дулаарчээ. Энэ бол сэтгэл сэрдхийлгэм тоо.Үүнд хүргэсэн зүйл бол мэдээж хүлэмжийн хий. Манайх агаар мандалд байдаг хүлэмжийн хийн хэмжээг тодорхойлдог ганц станцтай. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаан-Уул станц дээр 1992 оноос эхлэн  тасралтгүй судалгаа хийж байна. Энд агаарын дээжийг тусгай шилэн баллонд  7 хоногт 1 удаа савлаж тус лабораторид явуулж шинжилгээний дүнг Ус цаг уурын хүрээлэн авдаг. 1992-2009 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хэмжсэн хүлэмжийн хийн дүнгээс үзвэл нүүрсхүчлийн /CO2/ хийн  агууламж 18 жилийн хугацаанд 35ppm-ээр буюу 10 орчим хувиар өссөн  байна. Хүлэмжийн  хийн хувьд агууламжаараа бага боловч дулааруулалтын потенциал ихтэй зургаан фторт хүхрийн агууламж нь хэмжилтийн туршид бараг хоёр дахин өссөн байна. Энэ бүхнээс харахад Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой ямар ч ажил хийдэггүй,хүлэмжийн хий нэмэгдсээр байгаа нь тодорхой юм. Уг нь дэлхийн дулаарал бидэнд хамаагүй гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл, бид энэ дэлхийд амьдарч байгаа болохоор сайн, муу бүх зүйл нь бидэнд хамаатай. Саяхан Японд болсон газар хөдлөлт бол тохиолдлынх биш харин уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж олон эрдэмтэн үзэж байна. Ер нь ийм шалтгаанаар байгалийн гамшигт үзэгдэл цаашид ч олон болох төлөвтэй. Үүнийг зогсоохоо байг гэхэд Монголдоо хүлэмжийн хийг багасгаж дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлье.

Эх дэлхийг “багалзуурдагч” дулаарал


Хөгжил заавал хохирол дагуулдаг бичигдээгүй хуулийн дагуу сүүлийн 50 жилд дэлхийн уур амьсгалд маш их өөрчлөлт гарсан. Одоо хүн төрөлхтөнд хамгийн их аюул занал учруулж буй зүйл бол дулаарал. Хэрвээ бид дэлхийн дулаарлыг зогсоож эх дэлхийгээ аврахгүй бол удахгүй өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болох юм. “Sunday Times”-т энэ талаар тодорхой бичжээ.

-Дэлхийн дулаарал гэж юу вэ?   
-Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлдэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн. Дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг уурын гоц үзэгдэл ихсэж хур тунадасын хэмжээ өөрчлөгдөнө. Энэ нь хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж гамшгийн хэмжээнд авчраад байна.

-Дэлхийн дулаарал ямар нөхцөлд аюултай хэмжээнд хүрэх вэ?
-Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан байна. Эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа. Хэрвээ тэгвэл жинхэнэ гамшиг болно.

-Хүлэмжийн хий гэж юу вэ?    
-Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх энергийг гадагш нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурыг нэмэгдүүлж буй химийн бодис, нэгдлүүдийг хүлэмжийн хий гэдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарлын гол буруутан нь өндөр хөгжсөн орнуудын үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн бохирдуулагч бодисууд юм.

-Хүлэмжийн хийг бүрдүүлдэг хэдэн төрлийн хий байдаг вэ?
-Зургаан төрлийн үндсэн хий бий. Нүүрсхүчлийн болон метан, азотын давхар исэл нь хүлэмжийн хийг бүрдүүлдэг байгалийн гол хий. Уг нь эдгээр хий дэлхийн агаар мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж, дэлхийд амьдрал оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Харин хүний буруутай үйл ажиллагааны улмаас эдгээр хийн агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа юм.

-Хий ямар хугацаанд алга болох вэ?
ий агаар мандалд усталгүй олон арван жил хадгалагддаг. Нүүрсхүчлийн хий 200 орчим жил хадгалагдана. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах дорвитой арга хэмжээ авлаа ч үр дүн нь хэдэн арван жилийн дараа л мэдрэгдэх юм байна.

-Хүлэмжийн хий 2020 онд хоёр дахин нэмэгдэх үү?
-Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн их хэмжээний нүүрс, газрын тос, хийн түлш, модыг эрчим хүч, түлшинд хэрэглэснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хийн хэмжээг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үе буюу 1800-аад онд агаар мандал дахь нүүрсхүчлийн хий 280 ррм, байсан бол 1990-ээд онд 355 ррм болжээ. Энэ байдлаар цаашид үргэлжилвэл 2030-аад онд хоёр дахин их буюу 560 ррм болно гэж эрдэмтэд тооцоолсон байна.

"Киото"-гийн протокол гэж юу вэ?
-"Киото"-гийн протокол 1997 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ протоколын гол зорилго нь агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг хөгжилтэй улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэсэн явдал юм. Өндөр хөгжилтэй орнууд 2012 он гэхэд 1990 онд байсан хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр дунджаар 5.2 хувиар бууруулах үүрэг хүлээсэн байна. Энэ протоколийн дагуу аж үйлдвэржсэн 40 улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гол үүргээ 2008-2012 оны хооронд биелүүлсэн байх ёстой аж. Протоколын зорилтот түвшин нь хүлэмжийн хийг бууруулах, өөр хоорондоо зах зээлийн үнээр худалдах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлт хийх, шилжүүлэх явдал юм. Киотогийн протоколыг хэрэгжүүлэх гурван төрлийн механизм байдаг.

-Хойд мөсөн далайн мөс хайлж байна. Энэ нь дэлхийн уур амьсгалд нөлөөлөх үү?
-Хойд мөсөн далайгаас гадна Алтай, Хималайн болон бусад уул нурууны мөнх цас, мөсөн гол хайлж эхэлсэн.Туйлын мөс хайлж байгаа нь далайн усны урсгал өөрчлөгдөх аюултай. Далайн түвшин нэмэгдсэнээр эргийн ойролцоох нам дор газарт байрлах улс орнууд усанд живнэ. Далайн түвшин нэмэгдэж байгаа нь цас мөсний хайлалттай холбоотой ч нөгөө талаараа далайн ус халсны улмаас тэлэх процесс явагдаж байна.

-Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яам байдаг уу?
-Сүүлийн жилүүдэд улс орнууд дэлхийн дулааралд санаа зовниж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яамтай болж байгаа. Жишээ нь, Австрали улс Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний яамтай бол Данийн Засгийн газар Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яамтай болжээ.

Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх дулааны энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурийг нэмэгдүүлж буй доорхи химийн бодис, нэгдлүүд нь хүлэмжийн хий гэж тооцогддог аж. Үүнд: Нүүрсхүчлийн хий 9-26%,
метан 4-9%,усны уур, тоос 36-72%,озон 3-7%. 
Нүүрсхүчлийн хийн хуримтлал нь уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн ихээр нөлөөлдөг. Дэлхий нийт олон жилийн өмнөөс хүлэмжийн хийг бууруулах гэрээ хэлэлцээр байгуулж, үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байгаа. Үүний хамгийн анхны гэрээ хэлэлцээр нь 1992 оны 6 дугаар сард баталсан UNCED/Earth Summit аж. Уг гэрээний дагуу Байгаль орчин, хөгжлийн Риогийн тунхаглал, Agenda 21, Биологийн төрөл зүйлийн конвенци, НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенци/Forest Principle (1993-9-30, 1994-3-21) зэрэг батлагджээ. Дараагийнх нь 1997 оны 12 дугаар сард баталсан Киотогийн протокол юм байна. Манай улс уг протоколд 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэгджээ. Одоогийн байдлаар уг протоколд дэлхийн 183 улс орон нэгдээд  байна. Хамгийн сүүлийнх нь 2001 онд батлагдсан Марракешийн гэрээ. Энэ гэрээгээр 2008-2012 онуудад дэлхийн хэмжээний нийт хүлэмжийн хийг 1990 оны түвшингээс 5.2% буюу түүнээс илүү хувиар бууруулах зорилт тавьсан байна.

Хүлэмжийн хийг “устгагч” нь ой мод, өвс ургамал, хөрс

Эрдэмтдийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-иас 650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож байна. Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм. Гэвч тайрсан модны хожуулаас тэр хэрээр нүүрхүчлийн хий эргэн агаарт дэгддэг ажээ. Иймд ногоон модыг аль болох огтлохгүй байх нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах давхар агуулгатай юм. Мөн газрын хөрсөнд ойролцоогоор 1,5 триллион тонн нүүрстөрөгч агуулагдаж байгаа.  

Эх дэлхийн цаг-2011

"Эх дэлхийн цаг-2011" Монгол оронд

‘Таны амлалт бол миний урам зориг’

Энэхүү энгийн уриа нь тун хялбар хийчих зүйлийг амлан гүйцэтгэсний тань хариуд бид урамшин юу хийж чадах вэ гэдгээ илэрхийлэх агуулгатай юм. Нэг цаг гэрлээ унтраахаас эхлэсэн эх дэлхийн төлөөх үйл хэргүүдийг эрчимжүүлэн байгууллага, хувь хүмүүсийн анхаарлыг татахад энэ уриалгын гол агуулга оршиж байгаа юм.
Тухайлбал бид эх дэлхийн төлөө юу амлаж болох вэ гэдгийг цөөн хэдэн жишээн дээр харж болох юм.
·         Хэрэв танай ангийнхан 10 ширхэг мод суулгавал манай ангийнхан арчилж ургуулна
·         ..... эдгээр байгууллагууд хогоо ангилж савладаг болбол хогийг нь ... удаа үнэгүй тээвэрлэж өгнө
·         Аав маань бүх өрөөний гэрлээ сүүн гэрлээр соливол би зунжин ногооны талбайгаа арчилна.
·         Манайх түүхий нүүрсний хэрэглээгээ бууруулбал би хашаандаа цэцгийн мандал байгуулна гэх мэт.
Энэ мэтчилэн өдөр тутмын амьдралын хэвшилтэй холбоотой энгийн зүйлс байх тусам хэрэгжих нь амар хялбар байх болно. Энэ үйл ажиллагааг бизнесийн байгууллагууд дэмжин хамтарч ажиллах арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй.
Таны амлалт бол миний урам зоригуриа нь мөн “Эх дэлхийн цаг”-ийг хүмүүст улам ойртуулан үр дүнг нь бодит байдалтай холбон тайлбарлаж өөрсдөөр нь мэдрүүлэх ач холбогдолтой. Үр дүнд хүрэхүйц нэмэлт санаануудыг дор дурьдвал:
·         Олны танил хүн дэмжигчдээ уриалах боломжтой
·         Нэг ангийнхан нөгөө ангийнхнаа уриалж болох юм
·         Нэг хотынхон нөгөө хотынхноо уриалан дуудах боломжтой
Хэн нэгэн найзуудаа уриалсан ч болно