Wednesday, April 4, 2012

Дэлхийд хэзээ ч гарч байгаагүй хамгийн том байгаль хамгааллын хөдөлгөөн "Эх дэлхийн цаг" өрнөлөө

Сидней, Aвстрали: Анх эхэлсэн цагаасаа дэлхий дахины хөдөлгөөн болсон "Эх дэлхийн цаг"-т аврал эрсэн эх дэлхийгээ хамгаалах хүсэлтэй хүмүүс хэдэн зуун саяараа нэгдсээр байна.

Энэ хөдөлгөөн энэ жил улам тэлж урьд өмнөхөөсөө ч илүүолон сайн дурынхныг хамарлаа. Эх дэлхийн цагт дэлхийн 150 улс орны 6494 хот суурингийн иргэд тогтвортой орших ирээдүйг хамтран бүтээхийн төлөө дэмжин оролцсон байна.
Олон улсын сансрын станцаас эхлээд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд анх удаа оролцож байгаа Лив улсын залуус бүгд энгийн иргэдээс эхлээд улсынхаа эрх барих түвшинд ямар нэг арга хэмжээ авахад уриалсан юм. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ: “Гэрэл унтраах нь сэргээгдэх эрчим хүчийг бүх нийтээрээ хэрэглэхэд уриалсан бэлгэдэл билээ. Бид ирээдүйдээ хор хөнөөлгүй, үр ашигтай эрчим хүчний хэрэглээг бий болгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр бид ийнхүү нэгдсэнээрээ гэрэлт ирээдүйг бүтээх эрч хүчийг бий болгож байна." гэжээ.

Жижиг арлын улс болох Самоа-д "Эх дэлхийн цаг" хамгийн эхэлж дохиож эхний гэрэл унтарлаа. Фалеоло олон улсын нисэх буудал гэрэлтүүлгээ унтраан орон нутгийнхаа "ногоон" хөдөлгөөнтэй нэгдэж илүү цэвэр, найдвартай ирээдүйг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

"Бид гэр орон болсон дэлхийгээ сайн сайхан болгож чадна" Анди Ридлей

I Will If You Will буюу "Таны амлалт бол миний урам зориг" уриан дор явагдсан үйл ажиллагааны холбогдолтой бичлэгүүдийг www.youtube.com/earthhour линкээс үзнэ үү.

"Эх дэлхийн цаг"-ийн дэлхий дахины мэдээллийг агуулсан доорх сурвалжуудыг дагана уу:

Facebook: facebook.com/earthhour
Twitter: twitter.com/earthhour
YouTube: youtube.com/earthhour
Flickr: flickr.com/earthhour_global
Tumblr: earthhour.tumblr.com
Google +: gplus.to/earthhour

Дэлхийн өнцөг булан бүрийн "Эх дэлхийн цаг"-ийн гэрэл унтраах үйл ажиллагааны зургуудыг дараах линкүүдээс татах боломжтой.
http://earthhour.org/media-centre/images 
http://www.flickr.com/groups/eh2012/ 

Tuesday, April 3, 2012

Нийслэлийн 13-р сургуулийн "Солонго" багийн гишүүн Мөнхцацралын шүлэг

Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтаны хөлд гутаж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Аз жаргалын диваажин ус
Сууцны чинь паалан хананы
Нулимс болон дусалж байна
Шивнээ нь тасарч
Амьсгалаа өвөр дээр чинь хураахаас өмнө
Хүмүүсээ усаа ХАЙРЛАЯ!

13-р сургуулийн сурагч Мөнхцацрал

Нэг цаг нийтийн эмч

 “Ээ энэ нэг жаахан хүүг ээ. Өөрийгөө яая гэж байж бас амлалт бичээд хөөрхөн юм” хэмээн цугласан олон өхөөрдөнө. “Жижигхэн ч гэсэн эмч болчихож ээ. Эмч нар хүнийг анагаадаг болохын тулд зургаан жил сурдаг байхад харин эх дэлхийгээ хамгаалахад заавал суралцах албагүй. Хэн сэтгэлтэй байна тэр л эх дэлхий, цаашлаад нийтийн эмч байж чадна” хэмээн Их засаг их сургуулийн оюутан хэлж, “Ганцхан цаг эх дэлхийн эмч” хэмээх уриалгыг хүртэл гаргасан байв. Түүний л нэгэн адил дэлхийн 135 орны хэдэн мянган хүний нэг, нийтийн эмч цэнхэр курткат бяцхан хүү үзгээ арай ядан барьж, нүүрээ самбарт наах нь холгүй юуг ч юм нямбайлан бичнэ.
Талбайн баруун урд талд коланы цаасан аягыг эгнүүлэн, дотор нь лаа асаан 60 хэмээн дүрсэлсэн нь эх дэлхийн төлөө ганцхан цаг гэрлээ унтраан дэлхийн дулаарлын эсрэг тэмцье гэсэн утгатай байв.Харин энэ үеэр хорь гаруй насны өндөр нуруутай, хар богино куртка, цүнх сугавчилсан бүсгүй хол хол алхлан харцаа эгц урагш чиглүүлэн яаран явах зуураа цугласан олон дунд саатлаа. Хар цагаан хосолсон дөрвөлжин самбар дээрх эрээлжилж сараалжлуулан бичсэн амлалтуудыг тэрбээр харж зогсов. Самбараа манах Батлан хамгаалахын их сургуулийн оюутнаас “Энэ яг ямар учиртай юм бэ. Юу хийх ёстой юм” гэхэд “Эх дэлхийгээ аврахын тулд ганцхан цаг гэрлээ унтаарахад л болно” гэв. Бүсгүй жижиг хар лакан цүнхнээсээ утсаа гарган хэн нэгэн рүү залгав. “Гучин минутын дараа гэрлээ унтраагаарай. Орон даяар ийм аян өрнөж байгаа юм байна. Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж байгаа гэсэн үг гэнэ ээ” гэв.
“Гэрлээ унтраагаад нэг цаг юу хийнэ ээ” хэмээн талбайд цугласан олон энд тэнд ярилцана. Харин гэрэл унтрав уу үгүй юу хэсэг залуус галын үзүүлбэрээр олныг гайхашрууллаа. Талбайн төвд зүү орох зайгүй шигсэн залуусын дундуур лаа барин, хоёр эгнээгээр сөрөн цувралдах хөх дүрэмт хувцас бүхий залуус бол Батлан хамгаалахын их сургуулийнхан байв.Хөх өнгийн дүрэмт хувцсаар жигдэрсэн залуус жагсаал хийх хооронд, нөгөө хэсэг нь ирийлгэн тавьсан амлалтын самбарыг хил дээр зогсох харуул шиг манана. Нийтдээ гучин их дээд сургууль аянд оролцсоноос дэг журам сайтай, хагас цэрэгжилтийн байдалтай ирсэн нь Батлан хамгаалахын их сургууль байгааг зохион байгуулагчид сэтгэл дүүрэн илэрхийлж байв.
“Таны амлалт миний урам зориг” уриан дор гуравдугаар сарын 31-ний үдэш 20.30-21.30 минутын хооронд дэлхий нийтээр гэрлээ унтраах аян өрнүүлсэн юм.Дэлхийн 135 орны тэрбум иргэд нэгэн цаг үед гэрлээ унтрааж, эх дэлхийгээ амраах энэ хөдөлгөөн анх 2007 онд Австралийн Сидней хотноо 2.2 сая өрхийг хамруулан эхэлж байсан аж.Харин дараа жилээс дэлхийн зуу зуун орны тэрбум гаруй хүмүүс нэг цаг нийтийн эмч байх аянд нэгдэж эхэлжээ. Өнгөрсөн онд л гэхэд 135 орны 1.8 тэрбум хүн гэрлээ унтраасан юм. Харин өнгөрсөн жил Улаанбаатар хотод л гэхэд 6000 гаруй иргэд эх дэлхийгээ эмчлэхээр нэгдэцгээжээ.

Б.Золзаяа

"Эх дэлхийн цаг-2012" Монгол оронд цохиллоо

Монголчууд дэлхий дахины 150 орны 6500 гаруй хот суурингийн (хамгийн сүүлийн мэдээгээр) ард иргэдтэй дуу хоолойгоо нэгтгэн "Эх дэлхийн цаг-2012"-ыг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

"Эх дэлхийн цаг"-т Монгол орноос албан ёсоор 5 хот суурин нэгдэн 3-р сарын 31-ний орой "Лаатай үдэш"-ийг тус тусынхаа төв талбайд зохион байгууллаа. Эдгээр хот суурингуудын төв талбайд зохион байгуулсан "Лаатай үдэш" арга хэмжээнд нийт ойролцоогоор 12900 орчим хүн хамрагдсан байна. Мөн Ухаа худаг дахь залуус өөрсдийн санаачлагаар нэгдэн тэмдэглэж өнгөрүүлсэн талаарх мэдээллээ ирүүлээд байна.

Улаанбаатар хотод:

19 цаг 30 минутад эхэлсэн "Лаатай үдэш"-ээр Сүхбаатарын талбайд урлагийн тоглолт, шоу үзүүлбэрүүд гэх мэт сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн тус арга хэмжээг угтан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулиудын дунд явагдсан аяны бүтээлүүд дэлгэгдсэн нь цугласан хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.

"Лаатай үдэш"-ийг ерөнхий зохион байгуулагч байгууллагууд болох Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон "М-СИ-ЭС Кока Кола" ХХК-ий төлөөлөгчид нээн үг хэллээ. Өвөрмөц стиль, чадварлаг хоолойгоороо дуучин Дарьсүрэн үдэшлэгийг эхлүүлсэн нь цугласан олны уур амьсгалыг хөгжөөлөө. Мөн залуусын сонсох дуртай хамтлагийн нэг A-Sound ая дуугаа өргөж дуусуут 20 цаг 30 минут болж "Лаатай үдэш"- хүрэлцэн ирсэн олон хөтлөгчийн хамт тоолж гэрэл унтрах агшныг хамтдаа утглаа. Гэрлээ унтраасны дараа хөтөлбөр цаашид үлээвэр найрал хөгжмийн аялгуу, галтай үзүүлбэр зэргээр өрнөсөн юм. 21 цаг 30 минутад гэрлээ унтраасан барилгууд гэрэлтүүлгээ дахин асааж зохион байгуулагчид талбайд үлдсэн хог хаягдлыг цэвэрлэснээр үйл ажиллагаа өндөрлөлөө.

Их дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сурагчдын явуулсан аяныг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" коллеж зохион байгуулсан бөгөөд оюутан сурагчдын уриалга, зурагт хуудас, биет бүтээл Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байв.
Монгол хэл дээрх мэдээллийг http://ekhdelkhiintsag.blogspot.com хаягаар хуваалцаж байсан бөгөөд олон нийтийн онлайн сүлжээ Facebook дэх бүлэг http://www.facebook.com/groups/375898815772829/ маш ирчимтэй өргөжиж байна.

Алтай хотод:
Говь-Алтайчууд "Эх дэлхийн цаг"-т анх удаа нэгдэж байгаа бөгөөд Алтай хотод "Лаатай үдэш" 19 цагт эхэллээ. Аймгийн орлогч дарга Х.Энхбаяр, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Түвд нар үдэшлэгийг нээж үг хэллээ. Мөн хуран цугласан 700 орчим хүнд өндөр настан Б.Ядамжав сургаалиа хайрлаж дэлхий ээждээ ээлтэй амьдрах ухааны сургамж хэлэв.
"Эх дэлхийн цаг"-ийн 60+ бэлгэдлийг лаагаар бүтээсэн нь ирсэн хүмүүсийн сонирхлыг татжээ.
"Эх дэлхийн цаг"-ийг орон нутагтаа зохион байгуулах санаачлагыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санаачилсан бөгөөд эко клубууд дэмжиж оролцсон байна. "Лаатай үдэш"-ээр дунд сургуулийн сурагчид, ЭМШУИС-ын Алтай хот дахь салбар сургуулийн оюутан, яруу найрагч М.Билэгсайхан, АДБ-ийн "Алтай" чуулгын дуучин М.Батсайн нар дуу хуур, бүжиг наадмаараа дэмжин ирсэн олныг хөгжөөсөн байна. Мөн эко клубуудын 60 сурагч нэгдэн төв талбайдаа лаатай жагсаал хийж бусдыг уриаллаа.

Чойбалсан хотод:
Дорнодчууд ч мөн адил энэ жил "Эх дэлхийн цаг"-т анх удаа нэгдэж байгаа бөгөөд "Лаатай үдэш"-ийг Залуус талбайд амжилттай зохион байгууллаа.
"Лаатай үдэш"-ийг Чойбалсан хотын захирагч нээж үг хэлсэн бөгөөд энэ үеэр оролцогчд 60+ лаан лого асаасан байлаа. Аймгийн залуусын дунд нэр хүндтэй хамтлаг " тоглолтоо толилуулж, хөтлөгч цугласан олонд "Эх дэлхийн цаг"-ийн тухай мэдээллийг түгээж байв.

Дорнод дээд сургуулийн оюутнууд сургууль дээрээ "Эх дэлхийн цагт оюутнууд бидний оролцоо" сэдэвт аяныг зохион байгуулж эх дэлхийдээ өгөх амлалтын самбар ажиллуулсан нь үр өгөөжтэй ажил боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.

Чойбалсан хотод "Эх дэлхийн цаг"-ийг зохион байгуулахад Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Дорнод хамгаалалтын захиргаа, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Чойбалсан хотын захирагчийн алба, Дорнод аймгийн залуучуудын холбоо зэрэг байгууллагууд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Мөн Дорнод аймгийн хөгжим драмын театр, Дорнод аймгийн дугаар ангийн хөгжмийн салаа, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Гол мандал ХХК зэрэг байгууллагууд болон DTV, ГЭГЭЭ, PBS, МИЖИ, TV6 телевизүүдэд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж байна.

Улаангом хотод:
Улаангом хотынхон хоёр дахь жилдээ "Эх дэлхийн цаг"-т нэгдэж байна. Улаангом сумын Гиваан баатрын талбайд 500 орчим иргэн "Лаатай үдэш"-т хүрэлцэн ирсэн байв. Бусад аймгийн нэгэн адил холбогдох байгууллагууд дэмжин хамтарч зохион байгуулжээ.
Энэ арга хэмжээнд Увс аймгийн Тариалан сум, Сагил сумууд дэмжиж оролцлоо. Тариалан суманд 130 гаруй, Сагил суманд 80 гаруй иргэд цуглан арга хэмжээнд оролцсон ба сумын бүх гэрлийг 1 цагийн турш унтраасан байна.
Улаангом хотын төв гудамжны 510 гэрэл, гэр хорооллын 650 гэрэл нийт 1160 гэрлйиг албан ёсоор унтраасан ба 151615 квт эрчим хүч хэмнэсэн байна. Энэхүү арга хэмжээний дүнд нийтдээ 454845 квт эрчим хүчний хэмнэлт гаргасан ба нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 369,9 кг-аар бууруулж чадсан байна.


Ховд хотод:
Ховдчууд "Эх дэлхийн цаг"-т хоёр дахь удаагаа нэгдэж байгаа юм.
Ард Аюушын талбайд болсон "Лаатай үдэш"-ийг Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Ховд хотын захирагчийн ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Соёны бүсийн салбар, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуурын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулсан байна.

Үйл ажиллагааг нээж Ховд аймгийн ИТХ-ын дарга н.Батболд, ЗДТГ-ын дарга Батбаяр, Ховд хотын захирагч Мягмарцог, ДБХС-ийн Алтай соёны  бүсийн захирал Цэвээнравдан  нар  нээж үг хэлэн 60+ лого болон KHOVD гэсэн үгийг иргэдийн хамт асаан гэрэлтүүллээ. Мөн хөөрдөг дэнлүүний тэнгэр өөд түгэх гэрэл эх дэлхийнхээ төлөө нэгдсэн Ховдчуудын сэтгэлийн галыг илэрхийлж байв.
Хотын захирагчийн командаар гэрэл унтарч, ассан нь их сонирхолтой байлаа.
Ард Аюушийн талбай дээр “KHOVD 60” гэж лаагаар бичих бэлтгэл ажилд зөвхөн зохион байгуулагч байгуулгуудаас гадна иргэд сайн дураараа ирж оролцож байв. Эх дэлхийн цагт уртын дуу, 30 морин хуурч, 30 бие биелгээч, үлээвэр найрал хөгжмийн аялгуу, дуу, шүлэг, бүжиг, таэквондогийн үзүүлбэр гэх мэт урлаг соёлын олон төрлийн тоглолт ч үзэгчдийг баясгалаа. Бүтэн нэг цагийн турш үргэлжилсэн “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаанд цугласан бүхэн сэтгэл өндөр үлдлээ.

Ховд Их сургууль 3 сарын 30-ны баасан гаригийн 1 цагийн хичээлийг эх дэлхийн цагийн талаарх ярилцлага хийсэн бөгөөд ирэх жил боловсрол соёлын газартай хамтран ЕБС-ын бүх сурагчдид, Политехник коллежийн оюутнуудад 1 цагийн хичээлийг орж ойлголт, агуулгыг ойлгуулах ажил зохион байгуулжээ.

Гэрэл унтарсангүй


Хүүхдүүд гартаа лаа барин зогсоно. Талбай хавийн зарим барилга гэрлээ унтраажээ. Дэлхийн 125 гаруй оронд нэгэн зэрэг болсон “Эх дэлхийн цаг” Монголд нэгэн өдөр болсон нь энэ. Талбайн доод хэсэгт хүүхдүүдийн амлалтыг бичсэн самбар хатгасан байх бөгөөд хүмүүс сонирхон ажиглана. Төв талбайн урд хэсэгт томоохон тайз засчээ. Тайзнаа  хамтлаг, дуучид ээлж дарааллан эх дэлхийн цагийн төлөө дуу хоолойгоо нэгтгэв. Хэдийгээр тийм ч олон хүн цуглаагүй ч эх дэлхийн төлөө нэг цагаа зориулах хүсэлтэй цөөнгүй аж.

Хацартаа “60+” гэсэн логог зурж, гартаа лаа атгасан залуус талбайг чимнэ. Эх дэлхийн цаг 2012-ын оролцогчид ийнхүү гэрэл унтрахыг хүлээж байгаа нь энэ. “Би эх дэлхийн цагт нэгдэж байгаадаа баяртай байна. Өмнө нь зүгээр л телевизээр үздэг байсан. Яг өөрөө оролцохоор гоё юм” гэж Г.Хосбаяр гэх залуу ярилаа. Талбайн доод хэсэгт урлагийнхан уран бүтээлийнхээ дээжсээс сонирхуулна. Тоглолт болж байх хооронд талбайд байх залуусын тоо нэмэгджээ. Дуу, хөгжим ийнхүү залуусыг татсан хэрэг. Хэсэг хугацаанд урлагийн тоглолт болж, тэр хэрээр гэрэл унтраах мөч ойртсоор...

Залуусын гол хүлээж байсан юм нь энэ. Арав, ес, найм... гурав, хоёр, нэг...

Гэрэл унтарлаа...

“Эх дэлхийн цаг” эхлэв. Гэтэл Төрийн ордон, нийслэлийн Засаг даргийн Тамгын газрууд гэрлээ унтраасангүй. Угтаа тэдэнд эх дэлхийн цаг хамаагүй ажээ. “Централ Тауэр” болоод Дуурийн теарт л гэрлээ унтраав. Дэлхийн 125 оронд хамгийн алдартай барилгууд нь гэрлээ унтрааж байхад Монголд эсэргээ асаалаа. Харин тэнд цугларсан залуус нь утсаа нэг цаг унтрааж, зарим машинууд гэрлээ унтраагаад хөдөлгөөнд оролцох нь багагүй хүнийг гайхшруулсан.  “Уг нь талбай хавь тэр чигээрээ унтарсан бол... Даан ч унтраасангүй. Гэхдээ бид нэгдэж талбай дээр цугларч байгаа нь чухал” хэмээн Г.Ууганаа гэж өөрийгөө танилцуулсан залуу ярив. Үнэн хэрэгтээ жинхэнэ утгаараа гэрэл унтраагүй ч тэнд цугларсан залуус өөрсдийнхөө хүсэлтээр электрон эдлэлийнхээ гэрлийг унтраав.

Таны амлалт миний урам зориг

Энэ бол “Эх дэлхийн ца”-гийн энэ жилийн уриа. Залуус амлалтаа өргөж, төв талбайд лаа барин нэг цагийн турш зогссон. Гэвч эрх мэдэлтнүүдийн байр энэ амлалтанд нэгдсэнгүй. Эрх мэдэлтнүүд нэгдээгүй ч залуус эх дэлхийн цагт нэгдсэн. Тэдний хэлсэн бүх амлалтууд сүхбаатарын талбайд цугларсан олонд хоёр цагийн турш хүрсэн юм. Нийтдээ тав орчим их сургуулийн оюутнууд амлалтаа өргөж, эх дэлхийн цагт нэгджээ. Хэдийгээр амлалтаа өргөсөн залуусын тал хэсэг нь ирсэн ч Монголд эх дэлхийн цагийг амжилттай зохиосон билээ.

Энэ жил Говь-Алтай аймагт эх дэлхийн цаг болсон юм. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Алтай хотод амьдардаг цөөнгүй залуус цугларч эх дэлхийн цагийг дэмжин оролцжээ. “Эх дэлхийн цаг”-ийн үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гэрлийг унтраасан байна. Улаанбаатарт амлалтаа өргөсөн мянга, мянган залуусын адил, Алтай хотын залуус амлалтаа өргөжээ.
Өнгөрсөн жил

Улаанбаатарт 6000 хүн Сүхбаатарын талбайд цуглан “Эх дэлхийн цаг”-ийг дэмжсэн юм. Монгол оронд энэ үйл ажиллагаа хөдөө орон нутагт тэлж 2011 онд Увс аймгийн төв Улаангом хотын 1000 гаруй хүн, Ховд аймгийн төв Ховд хотод 500 орчим хүн нэгдсэн гэх мэдээлэл бий. Увс аймаг нь Монгол орны харьцангуй сэрүүн бүсэд оршдог тул 2011 оны “Эх дэлхийн цаг”-ийг цасан дээр тэмдэглэн өнгөрүүлснээрээ, мөн хөдөөний монгол хүн харанхуй бүдүүлэг гэж төсөөлдөг байсан гадны олон хүнд ухаалаг монгол хүний имижийг өсгөж өгсөн онцлог үйл явдал болсон юм.
Гэрэл аслаа...

“Эх дэлхийн цаг” дэлхийн бусад оронд ч болж өнгөрсөн. Тэнд гэрэл асах нь томоохон үйл явдал болдог бол манайд харин гэрэл асах тийм ч сүртэй байсангүй. Яагаад гэвэл унтраагүй учраас. Гэхдээ залуусын сэтгэл дотор гэрэл ассан гэдэгт эргэлзэхгүй. Ямар ч байсан эх дэлхийнхээ төлөө хийж чадах зүйлсээрээ тэмцэх урам зоригийг тэд олж авсан биз.

Дараа жил хүртэл баяртай. Жилийн дараа гэрлээ унтраая!

Б.БОЛОРСҮХ /www.news.mn/

Friday, March 30, 2012

Маргааш дэлхий дахинд дор хаяж 147 орны 5000 хотын иргэд Эх дэлхийн цагт нэгдэх гэж байна

Эх дэлхийдээ, эх орондоо, ирээдүйдээ хайртай залуусаа.
"Эх дэлхийн цаг" цохилоход ганцхан өдөр үлдлээ.

"Эх дэлхийн цаг"-ийн олон улсын төв байгууллагаас өнөөдөр дараах мэдээллийг ирүүллээ.
Байгаль хамгааллын төлөөх дэлхийн хамгийн том хөдөлгөөн болох "Эх дэлхийн цаг"-т энэ жил 147 орны 5000 гаруй хотын иргэд нэгдэх гэж байна.

Энэ жилийн "Эх дэлхийн цаг"-ийн гол онцлог болох "Таны амлалт бол миний урам зориг" уриалга дэлхий дахинаа хэрэгжсэнээр найз нөхөд, хамт олноороо эх дэлхийн төлөөх үйлс газар сайгүй өрнөж байна.

Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг, олон улсын төв байгууллагын гүйцэтгэх захирал Анди Ридлэй: "Амьдарч буй дэлхийнхээ өнөөгийн эгзэгтэй байдлыг өөрчлөхөд дэлхийн хүн нэг бүрийн оролцоо чухал. Бүгдээрээ дор бүрнээ гаргадаг хичээл зүтгэлээ тэмдэглэн, бусдыг уриалан дуудаж маргааш нэг цагийн турш гэрлээ унтраацгаая." гэлээ.

Дэлхийн бөмбөрцгийн бүхий л цагийн бүсэд эх дэлхийн цаг үргэлжилсээр 24 цагийн турш гэрэл унтраах үйл явц өрнөх юм. Тухайлбал цагийн бүсийн хамгийн эхний бүсэд орших Самоа-гаас эхэлж дэлхийг тойрсоор Күүк аралд өндөрлөх ажээ.

"Эх дэлхийн цаг"-ийг дэмжээд байгаа зарим элч төлөөлөгчдийг доорх жагсаалтаас харна уу:
  • Миранда Кэрр,
  • Нэгдсэн үндэстний байгууллага
  • Greenpeace-ийн гүйцэтгэх захирал Күми Наидо
  • АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ал Гор
  • Фижи улсын ерөнхийлөгч Рату Ипэли Наилатикау
  • Андре Куиперс болон Олон улсын сансрын станц
  • СВRE
  • Үндэсний хокейн лиш
  • FIFA
  • UEFA
  • Манчестр Юнайтэд
  • Хилтонын зочид буудлын сүлжээ
  • АНУ-ын охидын скаут
  • Олон улсын скаутын хөдөлгөөн
  • UNESCO
  • НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
  • Олон улсын үйлдвэрчний эвлэл
  • HSBC банк 
гэх мэт.

"Эх дэлхийн цаг"-аар гэрэлтүүлэг нь унтрах алдартай байгууламжууд:
  • Сиднейн дуурийн театр
  • Сиднейн Харбор гүүр
  • Токиогийн цамхаг
  • Тайпей 101
  • Цагаан хэрэм
  • Бээжингийн "Шувууны үүр" цогцолбор
  • Сингапурын Орчард гудамж
  • Лумбиний Ариун цэцэрлэг
  • Энэтхэгийн Gateway
  • Эффэлийн цамхаг
  • Луврын музей
  • Бранденбургийн хаалга
  • Лондонгийн Товер гүүр
  • Ватиканы гэгээн Петрийн сүм
  • Бүкэнгэмийн ордон
  • Их британы парламентийн ордон
  • Биг Бэн цаг
  • СИ-ийн цамхаг
  • Лас Вегасын стрип
  • Тайм талбай
  • НҮБ-ын төв ордон

Thursday, March 29, 2012

Эх дэлхийн цагт сурагч бидний оролцоо сэдэвт уралдаанд 13-р сургуулийн “Мэдээ мэдээлэл” багийн гишүүд явцын тайлан ирүүллээ

3-р сарын 22-нд 
“Мэдээ Мэдээлэл” багийн гишүүд хамтран Эх дэлхийн цагт сурагч бидний оролцоо сэдэвт уралдаанд хэрхэн, яаж оролцох  тухайгаа хамтдаа ярилцаж  багийн нэр уриа болон төлөвлөгөөг гаргасан.
3-р сарын 23-нд 
Гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу “Дэлхийн дулаарал” сэдвийн дор сурагчид хамтран дэлхийн дулаарлаас болж үүсч буй хор хохирол, дэлхийн дулааралд хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас өртөж буй ан амьтад  болон байгаль орчныг харуулсан 20 ширхэг зурагт хуудсыг  бэлтгэсэн.
3-р сарын 26-нд 
Сургуулийн блог болон уралдаанд оролцох дэлхийн дулаарлыг өөрсдийн үгээр тайлбарласан бичлэгийг хийсэн ба сурагчид нэгэн ижил ногоон хувцсаар жигдрэн идэвхтэй оролцсон.
3-р сарын 27-нд  
 Сүхбаатрын талбай дээр жигдрэх хоёрдогч түүхий эдийг  ашигласан хувцас бүхий зүйлээ ярилцаж бэлтгэсэн. Мөн эх дэлхийн цагийн face book бүлэг дээр явцын мэдээ мэдээлэл,зураг болон өөрсдийн бэлдсэн видео бичлэгээ илгээсэн.

Tuesday, March 6, 2012

“Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдлийн тухай


Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагааны үеийн чухал илэрхийлэл билээ. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, харамсах сэтгэлдээ зул болгон өргөх гэх мэт бэлгэдэлтэй.
60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.

“Эх дэлхийн цаг” хаанаас эхэлсэн бэ?


Анх 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд тус бүр нэг тэрбум, харин 2010 онд 128 орны 4500 хотын 1 тэрбум 300 сая хүнийг хамруулж чаджээ. Энэхүү үйл ажиллагаанд тухайн улсын Ерөнхий сайд, томоохон хотуудын буюу нийслэлийн мэр болон бусад алдартай хүмүүс оролцож ач холбогдлыг улам өндөрсгөж байна. 2010 онд Улаанбаатар хот анх удаа нэгдэж олон арван байгууллага, 4000 гаруй иргэд дэмжин оролцсон билээ. Харин 2011 онд дэлхийн 135 орны 5200 хот суурингийн 1,8 тэрбум хүн нэгджээ. 2011 онд Монгол орны 7500 орчим залуус дэмжин оролцсоноос Улаанбаатарт 6000 орчим, Улаангом хотод 1000 орчим, Ховд хотод 500 орчим хүн оролцсон юм.
Энэ онд буюу 2012 оны “Эх дэлхийн цаг” 3-р сарын 31-нд болох бөгөөд Монгол оронд дээрх хотуудаас гадна Алтай хотын залуус төв талбайдаа цуглан дэмжихээ албан ёсоор мэдэгдээд байна.

“Эх дэлхийн цаг” гэж юу вэ?


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.  

Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн 3-р сарын сүүлийн бямба гарагийн 20:30-д нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг. Сан Франциско дахь Голден Гейт гүүр, Ромын Колоссейм театр, Сидней дэх Дуурийн ордон, Тайм талбайд байрладаг Кока Колагийн сурталчилгааны самбар зэрэг ямагт гэрэлтэж байдаг томоохон байгууламжууд нэг цагийн турш харанхуйд орших нь дэлхий нийтийн анхаарлыг татахад гол үүрэг гүйцэтгэж байсан юм.

Хүлэмжийн хийг өөгшүүлэгч Монгол улс


Хэдийгээр Монгол улс хүлэмжийн хий ялгаруулалтаар олон улсын анхааралд өртөхүйц биш ч (одоохондоо шүү) уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид нэгдэн орсон орны хувьд хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээ бууруулах, эрчим хүч, дулаан, шатахууны хэрэглээгээ багасгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Нөгөө талаар манай улсад боломж бий. Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд гадаадын улс орнуудаас тусламж дэмжлэг авах боломж нээлттэй байдаг ажээ.           

Монголын мал ба хүлэмжийн хий   
Монголчууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар төдийлэн сайн мэддэггүй. Сайндаа л Улаанбаатарын утаагаар төсөөлж байгаа хүн олон. Гэтэл дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа уур амьсгалын өөрчлөлт бидний алхам тутамд мэдрэгдэж байгаа. Дулааралд ташуур өгдөг хүлэмжийн хийн гол элемент болох метан малын амьсгал болон ялгадсаар дамжин агаарт цацагддаг. Өөрөөр хэлбэл, малын хивж байх үед амьсгалаар нь метан ялгарна. 40 гаруй сая мал дулааралд ямар ихээр “тусалж” байгаа нь ийм тодорхой байна. Манай өөр нэг “тус” нь хог хаягдал. Манай улсад дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас хөрсөнд хогийг булсаар ирсэн. Энэ нь ялзралынхаа явцад хүлэмжийн хий ялгаруулдаг. Нүүрсхүчлийн хий 200 орчим жил хадгалагдана. Мөн атаршсан талбайгаас карбоны төрлийн хий ялгарч агаар мандалд хуримтлагддаг ажээ. Эрдэмтдийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-иас 650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож байна.Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм. Харин ой модыг тайрч устгаснаар энэ их хий шууд л агаар мандалд гарч байна. Эрдэмтдийн яриагаар Монгол орны цаг уурын 48 өртөөнд хийсэн хэмжилтийн дүнгээр дунджилсан жил, улирлын агаарын дундаж температур 1940-2007 онд 2.1 хэмээр дулаарчээ. Энэ бол сэтгэл сэрдхийлгэм тоо.Үүнд хүргэсэн зүйл бол мэдээж хүлэмжийн хий. Манайх агаар мандалд байдаг хүлэмжийн хийн хэмжээг тодорхойлдог ганц станцтай. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаан-Уул станц дээр 1992 оноос эхлэн  тасралтгүй судалгаа хийж байна. Энд агаарын дээжийг тусгай шилэн баллонд  7 хоногт 1 удаа савлаж тус лабораторид явуулж шинжилгээний дүнг Ус цаг уурын хүрээлэн авдаг. 1992-2009 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хэмжсэн хүлэмжийн хийн дүнгээс үзвэл нүүрсхүчлийн /CO2/ хийн  агууламж 18 жилийн хугацаанд 35ppm-ээр буюу 10 орчим хувиар өссөн  байна. Хүлэмжийн  хийн хувьд агууламжаараа бага боловч дулааруулалтын потенциал ихтэй зургаан фторт хүхрийн агууламж нь хэмжилтийн туршид бараг хоёр дахин өссөн байна. Энэ бүхнээс харахад Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой ямар ч ажил хийдэггүй,хүлэмжийн хий нэмэгдсээр байгаа нь тодорхой юм. Уг нь дэлхийн дулаарал бидэнд хамаагүй гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл, бид энэ дэлхийд амьдарч байгаа болохоор сайн, муу бүх зүйл нь бидэнд хамаатай. Саяхан Японд болсон газар хөдлөлт бол тохиолдлынх биш харин уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж олон эрдэмтэн үзэж байна. Ер нь ийм шалтгаанаар байгалийн гамшигт үзэгдэл цаашид ч олон болох төлөвтэй. Үүнийг зогсоохоо байг гэхэд Монголдоо хүлэмжийн хийг багасгаж дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлье.

Эх дэлхийг “багалзуурдагч” дулаарал


Хөгжил заавал хохирол дагуулдаг бичигдээгүй хуулийн дагуу сүүлийн 50 жилд дэлхийн уур амьсгалд маш их өөрчлөлт гарсан. Одоо хүн төрөлхтөнд хамгийн их аюул занал учруулж буй зүйл бол дулаарал. Хэрвээ бид дэлхийн дулаарлыг зогсоож эх дэлхийгээ аврахгүй бол удахгүй өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болох юм. “Sunday Times”-т энэ талаар тодорхой бичжээ.

-Дэлхийн дулаарал гэж юу вэ?   
-Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлдэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн. Дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг уурын гоц үзэгдэл ихсэж хур тунадасын хэмжээ өөрчлөгдөнө. Энэ нь хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж гамшгийн хэмжээнд авчраад байна.

-Дэлхийн дулаарал ямар нөхцөлд аюултай хэмжээнд хүрэх вэ?
-Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан байна. Эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа. Хэрвээ тэгвэл жинхэнэ гамшиг болно.

-Хүлэмжийн хий гэж юу вэ?    
-Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх энергийг гадагш нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурыг нэмэгдүүлж буй химийн бодис, нэгдлүүдийг хүлэмжийн хий гэдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарлын гол буруутан нь өндөр хөгжсөн орнуудын үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн бохирдуулагч бодисууд юм.

-Хүлэмжийн хийг бүрдүүлдэг хэдэн төрлийн хий байдаг вэ?
-Зургаан төрлийн үндсэн хий бий. Нүүрсхүчлийн болон метан, азотын давхар исэл нь хүлэмжийн хийг бүрдүүлдэг байгалийн гол хий. Уг нь эдгээр хий дэлхийн агаар мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж, дэлхийд амьдрал оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Харин хүний буруутай үйл ажиллагааны улмаас эдгээр хийн агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа юм.

-Хий ямар хугацаанд алга болох вэ?
ий агаар мандалд усталгүй олон арван жил хадгалагддаг. Нүүрсхүчлийн хий 200 орчим жил хадгалагдана. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах дорвитой арга хэмжээ авлаа ч үр дүн нь хэдэн арван жилийн дараа л мэдрэгдэх юм байна.

-Хүлэмжийн хий 2020 онд хоёр дахин нэмэгдэх үү?
-Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн их хэмжээний нүүрс, газрын тос, хийн түлш, модыг эрчим хүч, түлшинд хэрэглэснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хийн хэмжээг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үе буюу 1800-аад онд агаар мандал дахь нүүрсхүчлийн хий 280 ррм, байсан бол 1990-ээд онд 355 ррм болжээ. Энэ байдлаар цаашид үргэлжилвэл 2030-аад онд хоёр дахин их буюу 560 ррм болно гэж эрдэмтэд тооцоолсон байна.

"Киото"-гийн протокол гэж юу вэ?
-"Киото"-гийн протокол 1997 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ протоколын гол зорилго нь агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг хөгжилтэй улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэсэн явдал юм. Өндөр хөгжилтэй орнууд 2012 он гэхэд 1990 онд байсан хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр дунджаар 5.2 хувиар бууруулах үүрэг хүлээсэн байна. Энэ протоколийн дагуу аж үйлдвэржсэн 40 улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гол үүргээ 2008-2012 оны хооронд биелүүлсэн байх ёстой аж. Протоколын зорилтот түвшин нь хүлэмжийн хийг бууруулах, өөр хоорондоо зах зээлийн үнээр худалдах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлт хийх, шилжүүлэх явдал юм. Киотогийн протоколыг хэрэгжүүлэх гурван төрлийн механизм байдаг.

-Хойд мөсөн далайн мөс хайлж байна. Энэ нь дэлхийн уур амьсгалд нөлөөлөх үү?
-Хойд мөсөн далайгаас гадна Алтай, Хималайн болон бусад уул нурууны мөнх цас, мөсөн гол хайлж эхэлсэн.Туйлын мөс хайлж байгаа нь далайн усны урсгал өөрчлөгдөх аюултай. Далайн түвшин нэмэгдсэнээр эргийн ойролцоох нам дор газарт байрлах улс орнууд усанд живнэ. Далайн түвшин нэмэгдэж байгаа нь цас мөсний хайлалттай холбоотой ч нөгөө талаараа далайн ус халсны улмаас тэлэх процесс явагдаж байна.

-Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яам байдаг уу?
-Сүүлийн жилүүдэд улс орнууд дэлхийн дулааралд санаа зовниж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яамтай болж байгаа. Жишээ нь, Австрали улс Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний яамтай бол Данийн Засгийн газар Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яамтай болжээ.

Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх дулааны энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурийг нэмэгдүүлж буй доорхи химийн бодис, нэгдлүүд нь хүлэмжийн хий гэж тооцогддог аж. Үүнд: Нүүрсхүчлийн хий 9-26%,
метан 4-9%,усны уур, тоос 36-72%,озон 3-7%. 
Нүүрсхүчлийн хийн хуримтлал нь уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн ихээр нөлөөлдөг. Дэлхий нийт олон жилийн өмнөөс хүлэмжийн хийг бууруулах гэрээ хэлэлцээр байгуулж, үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байгаа. Үүний хамгийн анхны гэрээ хэлэлцээр нь 1992 оны 6 дугаар сард баталсан UNCED/Earth Summit аж. Уг гэрээний дагуу Байгаль орчин, хөгжлийн Риогийн тунхаглал, Agenda 21, Биологийн төрөл зүйлийн конвенци, НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенци/Forest Principle (1993-9-30, 1994-3-21) зэрэг батлагджээ. Дараагийнх нь 1997 оны 12 дугаар сард баталсан Киотогийн протокол юм байна. Манай улс уг протоколд 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэгджээ. Одоогийн байдлаар уг протоколд дэлхийн 183 улс орон нэгдээд  байна. Хамгийн сүүлийнх нь 2001 онд батлагдсан Марракешийн гэрээ. Энэ гэрээгээр 2008-2012 онуудад дэлхийн хэмжээний нийт хүлэмжийн хийг 1990 оны түвшингээс 5.2% буюу түүнээс илүү хувиар бууруулах зорилт тавьсан байна.