"Эх дэлхийн цаг"-т Монгол орноос албан ёсоор 5 хот суурин нэгдэн 3-р сарын 31-ний орой "Лаатай үдэш"-ийг тус тусынхаа төв талбайд зохион байгууллаа. Эдгээр хот суурингуудын төв талбайд зохион байгуулсан "Лаатай үдэш" арга хэмжээнд нийт ойролцоогоор 12900 орчим хүн хамрагдсан байна. Мөн Ухаа худаг дахь залуус өөрсдийн санаачлагаар нэгдэн тэмдэглэж өнгөрүүлсэн талаарх мэдээллээ ирүүлээд байна.
Улаанбаатар хотод:
19 цаг 30 минутад эхэлсэн "Лаатай үдэш"-ээр Сүхбаатарын талбайд урлагийн тоглолт, шоу үзүүлбэрүүд гэх мэт сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн тус арга хэмжээг угтан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулиудын дунд явагдсан аяны бүтээлүүд дэлгэгдсэн нь цугласан хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.
"Лаатай үдэш"-ийг ерөнхий зохион байгуулагч байгууллагууд болох Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон "М-СИ-ЭС Кока Кола" ХХК-ий төлөөлөгчид нээн үг хэллээ. Өвөрмөц стиль, чадварлаг хоолойгоороо дуучин Дарьсүрэн үдэшлэгийг эхлүүлсэн нь цугласан олны уур амьсгалыг хөгжөөлөө. Мөн залуусын сонсох дуртай хамтлагийн нэг A-Sound ая дуугаа өргөж дуусуут 20 цаг 30 минут болж "Лаатай үдэш"- хүрэлцэн ирсэн олон хөтлөгчийн хамт тоолж гэрэл унтрах агшныг хамтдаа утглаа. Гэрлээ унтраасны дараа хөтөлбөр цаашид үлээвэр найрал хөгжмийн аялгуу, галтай үзүүлбэр зэргээр өрнөсөн юм. 21 цаг 30 минутад гэрлээ унтраасан барилгууд гэрэлтүүлгээ дахин асааж зохион байгуулагчид талбайд үлдсэн хог хаягдлыг цэвэрлэснээр үйл ажиллагаа өндөрлөлөө.
Их дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сурагчдын явуулсан аяныг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" коллеж зохион байгуулсан бөгөөд оюутан сурагчдын уриалга, зурагт хуудас, биет бүтээл Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байв.
Монгол хэл дээрх мэдээллийг http://ekhdelkhiintsag.blogspot.com хаягаар хуваалцаж байсан бөгөөд олон нийтийн онлайн сүлжээ Facebook дэх бүлэг http://www.facebook.com/groups/375898815772829/ маш ирчимтэй өргөжиж байна.
Алтай хотод:
Говь-Алтайчууд "Эх дэлхийн цаг"-т анх удаа нэгдэж байгаа бөгөөд Алтай хотод "Лаатай үдэш" 19 цагт эхэллээ. Аймгийн орлогч дарга Х.Энхбаяр, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Түвд нар үдэшлэгийг нээж үг хэллээ. Мөн хуран цугласан 700 орчим хүнд өндөр настан Б.Ядамжав сургаалиа хайрлаж дэлхий ээждээ ээлтэй амьдрах ухааны сургамж хэлэв.
"Эх дэлхийн цаг"-ийн 60+ бэлгэдлийг лаагаар бүтээсэн нь ирсэн хүмүүсийн сонирхлыг татжээ.
"Эх дэлхийн цаг"-ийг орон нутагтаа зохион байгуулах санаачлагыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санаачилсан бөгөөд эко клубууд дэмжиж оролцсон байна. "Лаатай үдэш"-ээр дунд сургуулийн сурагчид, ЭМШУИС-ын Алтай хот дахь салбар сургуулийн оюутан, яруу найрагч М.Билэгсайхан, АДБ-ийн "Алтай" чуулгын дуучин М.Батсайн нар дуу хуур, бүжиг наадмаараа дэмжин ирсэн олныг хөгжөөсөн байна. Мөн эко клубуудын 60 сурагч нэгдэн төв талбайдаа лаатай жагсаал хийж бусдыг уриаллаа.
Чойбалсан хотод:
Дорнодчууд ч мөн адил энэ жил "Эх дэлхийн цаг"-т анх удаа нэгдэж байгаа бөгөөд "Лаатай үдэш"-ийг Залуус талбайд амжилттай зохион байгууллаа.
"Лаатай үдэш"-ийг Чойбалсан хотын захирагч нээж үг хэлсэн бөгөөд энэ үеэр оролцогчд 60+ лаан лого асаасан байлаа. Аймгийн залуусын дунд нэр хүндтэй хамтлаг " тоглолтоо толилуулж, хөтлөгч цугласан олонд "Эх дэлхийн цаг"-ийн тухай мэдээллийг түгээж байв.
Дорнод дээд сургуулийн оюутнууд сургууль дээрээ "Эх дэлхийн цагт оюутнууд бидний оролцоо" сэдэвт аяныг зохион байгуулж эх дэлхийдээ өгөх амлалтын самбар ажиллуулсан нь үр өгөөжтэй ажил боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.
Чойбалсан хотод "Эх дэлхийн цаг"-ийг зохион байгуулахад Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Дорнод хамгаалалтын захиргаа, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Чойбалсан хотын захирагчийн алба, Дорнод аймгийн залуучуудын холбоо зэрэг байгууллагууд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Мөн Дорнод аймгийн хөгжим драмын театр, Дорнод аймгийн дугаар ангийн хөгжмийн салаа, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Гол мандал ХХК зэрэг байгууллагууд болон DTV, ГЭГЭЭ, PBS, МИЖИ, TV6 телевизүүдэд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж байна.
Улаангом хотод:

Улаангом хотынхон хоёр дахь жилдээ "Эх дэлхийн цаг"-т нэгдэж байна. Улаангом сумын Гиваан баатрын талбайд 500 орчим иргэн "Лаатай үдэш"-т хүрэлцэн ирсэн байв. Бусад аймгийн нэгэн адил холбогдох байгууллагууд дэмжин хамтарч зохион байгуулжээ.
Энэ арга хэмжээнд Увс аймгийн Тариалан сум, Сагил сумууд дэмжиж оролцлоо. Тариалан суманд 130 гаруй, Сагил суманд 80 гаруй иргэд цуглан арга хэмжээнд оролцсон ба сумын бүх гэрлийг 1 цагийн турш унтраасан байна.
Улаангом хотын төв гудамжны 510 гэрэл, гэр хорооллын 650 гэрэл нийт 1160 гэрлйиг албан ёсоор унтраасан ба 151615 квт эрчим хүч хэмнэсэн байна. Энэхүү арга хэмжээний дүнд нийтдээ 454845 квт эрчим хүчний хэмнэлт гаргасан ба нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 369,9 кг-аар бууруулж чадсан байна.
Ховд хотод:
Ард Аюушын талбайд болсон "Лаатай үдэш"-ийг Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Ховд хотын захирагчийн ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Соёны бүсийн салбар, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуурын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулсан байна.
Үйл ажиллагааг нээж Ховд аймгийн ИТХ-ын дарга н.Батболд, ЗДТГ-ын дарга Батбаяр, Ховд хотын захирагч Мягмарцог, ДБХС-ийн Алтай соёны бүсийн захирал Цэвээнравдан нар нээж үг хэлэн 60+ лого болон KHOVD гэсэн үгийг иргэдийн хамт асаан гэрэлтүүллээ. Мөн хөөрдөг дэнлүүний тэнгэр өөд түгэх гэрэл эх дэлхийнхээ төлөө нэгдсэн Ховдчуудын сэтгэлийн галыг илэрхийлж байв.
Хотын захирагчийн командаар гэрэл унтарч, ассан нь их сонирхолтой байлаа.
Ард Аюушийн талбай дээр “KHOVD 60” гэж лаагаар бичих бэлтгэл ажилд зөвхөн зохион байгуулагч байгуулгуудаас гадна иргэд сайн дураараа ирж оролцож байв. Эх дэлхийн цагт уртын дуу, 30 морин хуурч, 30 бие биелгээч, үлээвэр найрал хөгжмийн аялгуу, дуу, шүлэг, бүжиг, таэквондогийн үзүүлбэр гэх мэт урлаг соёлын олон төрлийн тоглолт ч үзэгчдийг баясгалаа. Бүтэн нэг цагийн турш үргэлжилсэн “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаанд цугласан бүхэн сэтгэл өндөр үлдлээ.
Ховд Их сургууль 3 сарын 30-ны баасан гаригийн 1 цагийн хичээлийг эх дэлхийн цагийн талаарх ярилцлага хийсэн бөгөөд ирэх жил боловсрол соёлын газартай хамтран ЕБС-ын бүх сурагчдид, Политехник коллежийн оюутнуудад 1 цагийн хичээлийг орж ойлголт, агуулгыг ойлгуулах ажил зохион байгуулжээ.
 
No comments:
Post a Comment