Tuesday, April 3, 2012

Нэг цаг нийтийн эмч

 “Ээ энэ нэг жаахан хүүг ээ. Өөрийгөө яая гэж байж бас амлалт бичээд хөөрхөн юм” хэмээн цугласан олон өхөөрдөнө. “Жижигхэн ч гэсэн эмч болчихож ээ. Эмч нар хүнийг анагаадаг болохын тулд зургаан жил сурдаг байхад харин эх дэлхийгээ хамгаалахад заавал суралцах албагүй. Хэн сэтгэлтэй байна тэр л эх дэлхий, цаашлаад нийтийн эмч байж чадна” хэмээн Их засаг их сургуулийн оюутан хэлж, “Ганцхан цаг эх дэлхийн эмч” хэмээх уриалгыг хүртэл гаргасан байв. Түүний л нэгэн адил дэлхийн 135 орны хэдэн мянган хүний нэг, нийтийн эмч цэнхэр курткат бяцхан хүү үзгээ арай ядан барьж, нүүрээ самбарт наах нь холгүй юуг ч юм нямбайлан бичнэ.
Талбайн баруун урд талд коланы цаасан аягыг эгнүүлэн, дотор нь лаа асаан 60 хэмээн дүрсэлсэн нь эх дэлхийн төлөө ганцхан цаг гэрлээ унтраан дэлхийн дулаарлын эсрэг тэмцье гэсэн утгатай байв.Харин энэ үеэр хорь гаруй насны өндөр нуруутай, хар богино куртка, цүнх сугавчилсан бүсгүй хол хол алхлан харцаа эгц урагш чиглүүлэн яаран явах зуураа цугласан олон дунд саатлаа. Хар цагаан хосолсон дөрвөлжин самбар дээрх эрээлжилж сараалжлуулан бичсэн амлалтуудыг тэрбээр харж зогсов. Самбараа манах Батлан хамгаалахын их сургуулийн оюутнаас “Энэ яг ямар учиртай юм бэ. Юу хийх ёстой юм” гэхэд “Эх дэлхийгээ аврахын тулд ганцхан цаг гэрлээ унтаарахад л болно” гэв. Бүсгүй жижиг хар лакан цүнхнээсээ утсаа гарган хэн нэгэн рүү залгав. “Гучин минутын дараа гэрлээ унтраагаарай. Орон даяар ийм аян өрнөж байгаа юм байна. Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж байгаа гэсэн үг гэнэ ээ” гэв.
“Гэрлээ унтраагаад нэг цаг юу хийнэ ээ” хэмээн талбайд цугласан олон энд тэнд ярилцана. Харин гэрэл унтрав уу үгүй юу хэсэг залуус галын үзүүлбэрээр олныг гайхашрууллаа. Талбайн төвд зүү орох зайгүй шигсэн залуусын дундуур лаа барин, хоёр эгнээгээр сөрөн цувралдах хөх дүрэмт хувцас бүхий залуус бол Батлан хамгаалахын их сургуулийнхан байв.Хөх өнгийн дүрэмт хувцсаар жигдэрсэн залуус жагсаал хийх хооронд, нөгөө хэсэг нь ирийлгэн тавьсан амлалтын самбарыг хил дээр зогсох харуул шиг манана. Нийтдээ гучин их дээд сургууль аянд оролцсоноос дэг журам сайтай, хагас цэрэгжилтийн байдалтай ирсэн нь Батлан хамгаалахын их сургууль байгааг зохион байгуулагчид сэтгэл дүүрэн илэрхийлж байв.
“Таны амлалт миний урам зориг” уриан дор гуравдугаар сарын 31-ний үдэш 20.30-21.30 минутын хооронд дэлхий нийтээр гэрлээ унтраах аян өрнүүлсэн юм.Дэлхийн 135 орны тэрбум иргэд нэгэн цаг үед гэрлээ унтрааж, эх дэлхийгээ амраах энэ хөдөлгөөн анх 2007 онд Австралийн Сидней хотноо 2.2 сая өрхийг хамруулан эхэлж байсан аж.Харин дараа жилээс дэлхийн зуу зуун орны тэрбум гаруй хүмүүс нэг цаг нийтийн эмч байх аянд нэгдэж эхэлжээ. Өнгөрсөн онд л гэхэд 135 орны 1.8 тэрбум хүн гэрлээ унтраасан юм. Харин өнгөрсөн жил Улаанбаатар хотод л гэхэд 6000 гаруй иргэд эх дэлхийгээ эмчлэхээр нэгдэцгээжээ.

Б.Золзаяа

1 comment:

  1. ter ayganuud dotor xiisen us xairan bas ter aygiig ni avch yvsan xumuus ni xaasaigui xogoo xaysan baixdaa bodvol uursduu ingej xog tarix bolomjiin olgotson baij ex delxiigee xairlaj chadxuu daraagiin udaa arai uuruur xiivel deer jil bolgon daxin ashiglaxaar xog bolgoxgui geer

    ReplyDelete